Үнэлгээ хийх нийтлэг журам
| Эрх зүйн актын төрөл: | Засгийн газрын тогтоол | Актын дугаар: | ЗГ_2025_25 |
| Батлагдсан огноо: | 2025-02-05 | Дагаж мөрдөх огноо: | 2025-02-19 |
ҮНЭЛГЭЭ ХИЙХ НИЙТЛЭГ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэ журмаар Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан зорилго, зорилт, арга хэмжээ, төсөл, хөтөлбөр (цаашид “бодлого” гэх)-т үнэлгээ хийх, үнэлгээний зарчим, төрөл, шалгуур, тайлан, оролцогч талуудын эрх, үүргийг тодорхойлох, бодлогын үнэлгээний тогтолцоо, нэгдсэн системтэй холбогдсон харилцааг зохицуулна.
1.2. Бодлогын үнэлгээний зорилго нь бодлогын үр дүнг хэмжих, бодлого төлөвлөх, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, төрийн хүлээх үүрэг, хариуцлагыг дээшлүүлж, ил тод байдлыг хангахад оршино.
1.3. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 4.1.4 - 4.1.14-т заасан бодлогод үнэлгээ хийнэ.
1.4. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 8.1.3 - 8.1.6, 8.1.10, 8.2 дахь хэсэгт заасан байгууллага (цаашид “бодлого хэрэгжүүлэгч” гэх) бодлогын үнэлгээг хэрэгжүүлэхэд энэ журмыг дагаж мөрдөнө.
1.5. Үнэлгээ хийх заавар, аргачлалыг Хяналт, үнэлгээний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
1.6. Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага бодлогын үнэлгээг хэрэгжүүлэхэд энэ журмыг дагаж мөрдөж болно.