Мониторинг хийх нийтлэг журам
| Эрх зүйн актын төрөл: | Засгийн газрын тогтоол | Актын дугаар: | ЗГ_2025_26 |
| Батлагдсан огноо: | 2025-02-05 | Дагаж мөрдөх огноо: | 2025-02-19 |
МОНИТОРИНГ ХИЙХ НИЙТЛЭГ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэ журмаар Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг (цаашид “бодлого" гэх)-ийн хэрэгжилтийн явц, үр дүнд мониторинг хийх зарчим, удирдлага зохион байгуулалт, арга зүй, оролцогч талуудын эрх, үүрэг болон цаглавар, мэдээллийн нэгдсэн системтэй холбогдсон харилцааг зохицуулна.
1.2. Мониторингийн зорилго нь бодлогын үр дүнд хүрэх явцыг тогтмол хугацаанд ажиглан, зөв чиглүүлэхэд оршино.
1.3. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 4.1.4-4.1.14-т заасан хөгжлийн бодлогын баримт бичиг, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтийн явц, үр дүнд мониторинг хийнэ.
1.4. Энэ журмыг хөгжлийн бодлогод оролцогч байгууллага, албан тушаалтан (цаашид “бодлого хэрэгжүүлэгч” гэх) дагаж мөрдөнө.
1.5. Xөгжлийн бодлогод мониторинг хийх аргачлалыг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтэд хяналт тавих асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.