Байгууллагын үйл ажиллагааг төлөвлөх, тайлагнах, дүгнэх нийтлэг журам

2025-02-13
admin
Эрх зүйн актын төрөл: Засгийн газрын тогтоол Актын дугаар: ЗГ_2025_27
Батлагдсан огноо: 2025-02-05 Дагаж мөрдөх огноо: 2025-02-19

БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТӨЛӨВЛӨХ, ТАЙЛАГНАХ, ДҮГНЭХ НИЙТЛЭГ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмаар Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3 дахь хэсэгт заасан байгууллагын (цаашид “захиргааны байгууллага” гэх)  үйл ажиллагааг төлөвлөх, тайлагнах, гүйцэтгэл, үр дүнг дүгнэх, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд мониторинг хийхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

1.2. Журмын зорилго нь захиргааны байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүнг сайжруулах, төрийн байгууллага, албан хаагчийн бүтээмжийг нэмэгдүүлэх, сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд оршино.

1.3. Энэ журамд нийцүүлэн захиргааны байгууллага, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд эрхлэх салбар, үйл ажиллагаа, орон нутгийн онцлогийг харгалзан харьяа байгууллагын үйл ажиллагааг дүгнэх журмыг батлан хэрэгжүүлж болно.   

1.4. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг мэдээллийн нэгдсэн системд бүртгэх, хяналтаас хасах, мониторинг хийх аргачлал болон байгууллагын үйл ажиллагааг төлөвлөх, тайлагнах аргачлалыг Хяналт, үнэлгээний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.